Tuesday, December 22, 2009

Аавдаа би дээлтэй төрсөн охин нь...

“Аав аа” гэж ам дүүрэн хэлэхийг би багадаа маш их хүсдэг байж билээ. Айлын охид хамт баахан тоглосон мөртөө муудахаараа “Чамайг аавдаа хэлнэ дээ” гээд дэгдээд одоход би учиргүй их айдаг байсан сан. Тэгээд тоглоомын талбайгаас зугатаж, байрныхаа арын модон дунд орчихоод хэсэг гарч ирэхгүй зогсдог байв. Нэг бус удаа айлын аавуудад толгойгоо ардаа гартал загнуулж байсан болохоор айж зугтах нь балчир ухаанд минь авралын ганц гарц юм шиг санагддаг байж дээ. Аавд нь загнуулан доголон нулимстай зогсож байхдаа аавынхаа дэргэд ташаа тулан гэдэлзэх урт хошуутай айлын жаахан охинд юу юунаас илүү атаархдаг байлаа. Уул шиг аавынхаа нөмрийг бараадсан тэр бяцхан охины бардам байхыг яана.

Харин миний аав намайг өмөөрч, айлын хүүхдүүдтэй хэрүүл хийж хэзээ ч явахгүй. Тэр зөвхөн “Айлын хүүхдүүдтэй аятайхан тоглож чадахгүй бол хохь чинь, битгий гадаа гар” гэнэ. Нэгэн удаа хар Александр ахын Сувдаатай би сүрхий муудалцдаг юм байна. Хаймран бөмбөг нааш цааш нь өшиглөснөөс болоод бүр сүүлдээ хоёул маажилцаад авав. Түүний памбагар бор гарын хумснууд яах ийхийн зуур баруун хацрыг минь ураад өнгөрөхөд би ч мөчөөгөө өгсөнгүй. Ингээд л Сувдаа охин нүүрээ даран орь дуу тавин уйлсаар гэр рүүгээ гүйчихлээ. Уйлан гүйх зуураа мөнөөхөн “Чамайг аавдаа хэлнэ дээ” гэх үгээ эргэн эргэн хараад хэлэх юм. Би айн бэмбэгнэж байгаа атлаа “Намайг бас маажсан юм чинь” гэж бодоод урьдын адил зугтсангүй. Охиных нь хумсны ормыг харуулахад Александр ах загнахгүй байх гэж дотроо сэтгэсэн ухаантай. Тэгсэн л, орцноос Сувдаагийн аав хар эрчээрээ шунгинан гарч ирэх нь тэр. Дэгдээхийгээ харамласан бүргэд аятай сүр сархийн дэвж байх шиг. Зугтахын завдалгүй дэргэд ирснээ яг л охиныхоо маажсан хацар дээр пад хийтэл алгадаж орхидог юм. Маажуулсан, дээр нь алгадуулсан оромтой, баруун шанаа тэр чигтээ халуу оргиод л явчихлаа. Өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэхэд гэр рүүгээ гүйлээ, би. Гүйж явахдаа гадаа нарлан сууж байсан айлын ээжүүд намайг өмөөрөн Алагаа ахыг хар, цагаанаар нь дуудан хашгиралдаж байхыг сонсоод улам ч өмөлзөн огшиж байсан сан. Таван давхарт гараад хаалгаа тогшлоо. Аав гэртээ байна аа. Хэллээ. Тэгтэл аав “Хохь чинь” гэж хэлэх мөртөө өнөөх хацар дээр Алагаа ахаас ч илүү чангаар алгадаад авсаан. Өвдсөндөө болоод уйлмаар байсан ч би нулимсаа барьж чадсан, тэгэхэд. Аав харин цаашаа эргэнгээ “Айлын хүүхэдтэй аятайхан тоглож чадахгүй бол гадаа битгий гар. Гэрээ цэвэрлэ” гэж хэлэв. Нэгэнт аав хэлсэн тул би ч нусаа шор хийтэл татаад ариун цэврийн өрөөнөөс хогийн шүүр авчирч, гэрээ цэвэрлэж эхэлсэн.

Би аавдаа их зодуулдаг хүүхэд байв. Аав минь адайр ааштай, ам хэл хурц, амархан уурладаг хүн байсан. Тун ч ажилсаг, зүгээр сууна гэж огт байхгүй, ямар нэгэн юм оролдож, эвлүүлээд тавьчихна. Муухан зохион бүтээгчээс илүү. Сүүлд манайх гэр хороололд нүүж очиход аав өглөө бүр хашаагаа цэвэрлэдэг, манай хашаа сул шороогүй байдаг сан. Цементэлчихсэн юм шиг. Аав тун ч арвич хямгач хүн. Цай ууж суухдаа ширээн дээр дусаах, талхаа үйрүүлэн унагах төдийд л уурлана. Цоргоноос ус дусч байвал л уурлана. Гурил, будааны уутны ам дэлгээтэй байвал л уурлана. Өрөөний гэрэл асаалттай орхилоо, гутал хувцсаа гамтай өмссөнгүй гэж үглэнэ. Юмс өөрийн гэсэн байрандаа байхыг шаардана. Эмх цэгцийг ихэд эрхэмлэдэг хүн байлаа. Дүү бид хоёрыг өөр шигээ байлгахыг хүснэ. “Хийх юмаа олж ядсан эргүү малнууд санаагаараа хийж байгаач” гэж загнана. Манай гэрт өчүүхэн төдий ч тоос байдаггүй байсан гэвэл хүн итгэхгүй байх. Гэвч тэр бол хамгаас үнэн, аав тоос шороог ямагт жигшинэ. Хог шүүрдсэний дараа тоос арчсангүй гээд олон удаа зодуулж байлаа даа. Аав биднийг гэрээ хэр зэрэг цэвэрлэснийг шалгах өөрийн гэсэн аргатай. ”Гэрээ сайхан цэвэрлээрэй” гээд ажилдаа гараад явчихна. Хүүхэд л болсон хойно, ил харагдаж байгааг нь илж арчсан болчихоод аавыг ирэхэд нь аминдаа додигор сууж байдаг сан. Аав “За, цэвэрлэсэн үү” гэж асууна. Би ч “Тийм” гэж толгой хаялаад магтаалын үг сонсчих санаатай гэдэлзэнэ. Тэгтэл аав буйдан сандлыг зайчлахад дор нь нэг ширхэг шүдэнзний мод байж байдаг байгаа. Өнөөх сандлыг зайчилж цэвэрлээгүй юм чинь дээ, би тэр модыг яаж харах билээ. Тэгээд л аав “Ингэж цэвэрлэдэг юм уу, эргүү мал аа” гээд зодно. Дараа өдөр нь бас л “Гэрээ сайхан цэвэрлээрэй” гээд явна. Гайтай шүдэнзний модыг олж авахын тулд сандлыг байрнаас нь хөдөлгөж байгаад цэвэрлэсэн. Орой нь аав эсрэг талын сандал дороос өөр нэг шүдэнзний мод гаргаж ирсэн... Ахиж зодуулахгүйн тулд би маргаашаас нь гэрийнхээ тавилгын бүхий л булан тохойг ухаж төнхөн, мөлхөж тонголзон угааж цэвэрлэдэг болсон. Тэгээд л сурчихсан, одоо ч тэр хэвээрээ. Ингэж сурахаас ч аргагүй, нөлөөлөх нэг том шалтгаан бас байгаа. Гэр цэвэрлэхээс үүдэж манай гэрт бөөн хэрүүл болдог байв. “Энэ Тунгаа гэрээ дутуу цэвэрлэсэн байна” гэж аав уурсмагц ээж намайг өмөөрдөг юм. “Охиноо буруу хүмүүжүүллээ” гээд аавын дуу өндөр болно. Ээж өөрийгөө хамгаалж үг зөрнө... тэгээд л хэрүүл эхэлнэ. Аав, ээж хоёрыгоо надаас болж ахин битгий муудалцаасай гэж би их хүсдэг байсан юм шүү.

Аав минь ааш муутай, царай зүсээр ч барагдуухан хүн байсаан. Хүнд зусардаж тал засахыг мэдэхгүй. Зан аашаасаа болж хүнд сайнаар хэлэгдэхгүй. Махкомбинатын ажилчид “Хар Төмөр” л гэнэ. Хүмүүс ааваас айдаг, ойртож нөхөрлөх хүн ч байхгүй. “Миний аав яагаад бусдаас ийм өөр юм бэ” гэж би гайхаж, өөрөөсөө асуудаг байлаа. Бусдаас өөр санагддаг байсан болохоор ч тэр үү, аав аа гэж ам дүүрэн хэлж, дуудаж чаддаггүй байсан. “Миний аав яагаад ийм өөр юм бэ” гэж ээжээсээ би хэзээ ч асууж байсангүй. Муудалцуулахгүй гэсэндээ зодуулснаа хүртэл нууж байсан хүн хаанаас ээждээ энэ асуултыг тавьж зүрхлэх вэ. “Яагаад намайг зодож байдаг юм бэ, айлын аавууд охиноо өмөөрдөг байхад яагаад намайг өмөөрдөггүй юм бэ, яагаад надад ийм муу байдаг юм бэ, яагаад дүүг эрхлүүлдэг хэрнээ намайг загнадаг юм бэ” гэж би өөрөөсөө л асуудаг байсан. Асуултынхаа хариултыг би аравдугаар анги төгсөх жилээ олсон юм.

Өвөө маань хэвтэрт орлоо. Бие нь өдрөөс өдөрт дордож байсан хэрнээ нэг өдөр намайг дуудуулав. “Одоо чи оюутан болоод явна. Биеэ дааж амьдрах цаг чинь болсон. Олны дунд ухаантай, соёлтой, нэр хүндтэй явах хэрэгтэй шүү. Өвөө нь чамд үнэнийг хэлэх цаг болсоон” гэлээ. Залгуулаад “Энэ хүн чиний төрсөн эцэг биш” гэж хэлсэн. “Төрсөн эцэг биш”. Энэ үгийг сонсоод би маш их цочсон. “Даанч тийм байх аа, даанч тийм байх, тэгээд л тийм байсан байх нь, даанч тийм байх, тэгээд намайг зоддог байсан байх нь” гэж өөрөө өөртөө үглэж байсан. Төрсөн эцэг чинь тийм хүн байдаг, одоо тэнд амьдарч байгаа гэж өвөөгийнхөө тамираа шавхан цааш арайхийн ярихыг ч анхааран сонсохын сөхөөгүй хойд аавынхаа хараалын үг, далайсан гарыг эргэн санан суусан сан. Хараалын үг нь зурагдсан пянз шиг чихэнд байн байн сонсогдож, далайсан гар нь давтсан дүрс шиг нүдэнд харагдаад болдоггүй. Тэгээд л би хойд аавыг үзэн ядлаа. Их сургуулийн оюутан болоод, төгсөөд ажилд орсон хойноо ч захиа бичсэнгүй, утсаар ч мэндийг нь асуусангүй. Амралтаараа гэртээ ч харьсангүй. Хойд ааваас захиа ирэхэд уншилгүй шууд ураад шидчихдэг байсан. Намайг зорин гоёхон хувцаслаад ирэхэд нь ч хаалгаа тайлж өгөлгүй буцаадаг байв. Бүтэн 13 жил хойд аавыг эргэн ер дурссангүй. Надад аав гэдэг хүн огт байгаагүй юм шиг.

Харин жил гаруйхны өмнө хойд аав эмнэлэгт хэвтсэн, бие нь тун муу байна, намайг ирж уулзаач гэсэн хэл хүнээр хүргүүлжээ. Очихгүй гэж бодож байсан хэрнээ би очсоон. Хойд аав сэхээний орон дээр хэвтэж байлаа. Намайг хараад ихэд баярлаж, гарыг минь атган, хошуугаа цорвойлгов. Духаа өгч үнэрлүүлэхдээ яагаад ингэж уяран зөөлөрч байгаагаа би өөрөө ч мэдсэнгүй. Арваад жилийн туршид “Намайг хэзээ ч хайрлаж байгаагүй хүн, хойд эцэг шүү дээ” хэмээн өөрөө өөртөө өгсөн хатуу тушаалаа шууд л мартаж орхих нь тэр. “Аав нь охиноо дандаа санадаг. Миний охин том сонинд ажилладаг мундаг хүн болсон. Аавынхаа нэрийг гаргаж яваа сайн охин. Аавд нь үүнээс өөр зүйл хэрэггүй ээ. Чи миний төрсөн охин биш ч гэсэн...” гээд аавын хоолой сааралтав. Аньсага нь чийгтэж, шанаагаа даган нулимс бөмбөрлөө. Тэгснээ дэрэн дороос нэгэн хавтастай зүйл гаргаад надад өгөв. Нээж үзвэл, миний сонинд бичиж нийтлүүлж байсан бүхнийг хайчилбар болгоод үдчихсэн байж. Миний багын зургууд. Сурагч байхдаа энд тэндээс авч байсан шагналын бичгүүд бас байлаа. Тэр бүхнийг 13 жилийн турш аав хадгалж, намайг санах үедээ эргүүлэн сөхөж, үзэж, хааяахан хүнээс нуугдан уйлж байж... Би аавдаа сэтгэл сэргээх сайхан үг юу ч хэлж чадсангүй. Тийм том сэтгэлийн өмнө өчүүхэн ядмаг санаагаар өөрийгөө өмгөөлөн хэлэх үг надад байна гэж үү? Би тэр хүнд ямар хатуу сэтгэл гаргаа вэ? Эмнэлгээс гараад явж байхдаа би асгартал уйллаа. Өөрийгөө зүхэн, аавыгаа өрөвдөн асгаруулж явав. Удалгүй аав минь хорвоогоос буцсан. Хөдөөнөөс над руу утастаж “Аав чинь өнөө өглөө нас барлаа” гэж хэлэв. Эцсийн амьсгалаа татахын өмнө миний нэрийг хэлсэн юм билээ.

Байхад нь байгаагүй юм шиг санаж явсан би байхгүй болчихсон хойно нь байгаасай гэж хэчнээн их хүсдэг гэж санана. Аавгүй гэж бодож, өөрийгөө өрөвдөж явсан минь ямар том мунхаглал байгаа вэ? Зааж өгсөн бүхэн нь надад одоо ямар их хэрэг болж байгаа гээч. Миний “муухай” аав хэнтэй ч эв зүйгээ ололцохын чухлыг, ямар ч ажлыг дуустал хийж сурахын чухлыг, эмх цэгцтэй үнэнч шударга амьдрахын чухлыг сургаж байжээ. Амьдралынхаа эцсийн мөчид хүнийг уучлан өршөөхийн чухлыг надад сургасан байх юм. Одоо би “аав аа” гэж ам бардам хэлж чадна. Би “Хар Төмөр”-ийн охин. Биеийг минь төрүүлээгүй ч ухааныг минь төрүүлсэн аавдаа би дээлтэй төрсөн охин нь!
2009.12.06. Ням гариг

“Том алим”-аас DC хүртэл

-Бүр анхнаасаа эрх чөлөөний орон байсан Америк надад л лав эрх чөлөөнөөс илүү эмх журмыг эрхэмлэсэн улс шиг санагдлаа-


Баахан удвал стресст орж мэдэхээр түм түжигнэсэн Нью-Йоркийн тэнгэрт жирийн үед ч “царцаа ногоон”-ууд эргэлдэх. Баячууд нь албан ажилдаа ирж байгаа нь тэр бололтой. Улаанбаатарт амьтны нүд бүлтийлгэдэг өнөөх сунайсан урт лимузинууд энд бол ердийн л нэг унаа мэт. Дөрвөн хөнгөн тэрэг болчих дайны урт хар машин хараад манайхны заримынх нь нүд духан дээрээ үсрэх шахсан даг. Ерөнхийдөө америкчууд овор ихтэй, том машинд дурладаг хүмүүс гэнэ. Амьдралын өртөг өндөртэй “Том алим”-д суурьшсан цөөхөн монголчуудын нэг нь Жексон ах. Уг нь түүнийг Чогсом гэнэ. Гэр бүлээрээ энд амьдарч байгаа аж. Бидний байрласан Бродвейн гудамжин дахь “Сан Жеймс” зочид буудлын менежерээр ажилладаг түүнд америкчууд Жексон гэх нэр хайрлажээ. “Олимп үзчихээд л нутаг буцна даа” гэж Чогсом ах ярьж байсан. “Монголд очоод яах ч юм билээ дээ” гэх урамгүй үг түүний амнаас гарсангүй. Ер нь гадаадад олон жил болсон хүмүүс Монголынхоо тухай таагүй бодолтой явдаг юм билээ. Бид Нью-Йоркт хэд хэдэн монгол залуустай таарч үг сольсон, тэд Монгол огтхон ч таалагддаггүй тухай хэлж байсан шүү. Очиход хэдэн авлигачид дээр гараад суучихсан, амьдрал нь улам бүр доройтсон ард түмэн идэх савныхаа хэмжээгээр сэтгэдэг, тэр бүхнийгээ дагаад нийгэм дотор оюуны болоод соёлын төвшин нь улан дор гишгэгдсэн, Монгол маань цаашдаа ямар ч ирээдүйгүй болж гэсэн гутармаар үгс хэлж байхийм. “Та нар залуу хүмүүс байна даа, очоод жаахан ч гэсэн өөрчилье гээд үзээч” гэвэл “Өөрчлөх гэж оролдсон хүмүүс нь эхнээсээ авлигачидтайгаа зууралдаад яг адилхан болчихсон гээ биз дээ. Ард түмэн хаширсан байлгүй, аягүй бол биднийг тэдэнтэй адил гээд бодчихно” гэж ам таглав.


Ерөнхийдөө тэд улс орондоо юу болж байгаа талаар мэдээлэл сайтай явдаг аж. Харьд байгаа залуус нь эх орныхоо тухай ингэж боддог байхад харийнханд манай дарга нар харин улсынхаа талаар тэс өөр ойлголтыг төрүүлдэг бололтой. Манай Монголыг чинь ардчиллыг дэлгэрүүлж байгаа, хөгжиж буй орнуудаасаа геополитикийн хувьд хамгийн боломжтой, олон улсын бодлогын төвшинд “чих зөөлөн”-тэй энээ тэрээ гэж дэлхийн томчууд тоодог юм шиг байна лээ. Тиймдээ ч манай Ерөнхий сайдыг Кофи Аннан гуай 25 улсын төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэх цайллагандаа урьж оролцуулсан юм даг уу даа. Дэлхийн 200 гаруй улс орноос 25-ыг сонгож цайлахад Монгол орно гэдэг чинь онцолж хэлэх мэдээлэл мөн биз дээ. Саятан Рокфеллерийн бэлэглэсэн өндөр байшинд “дэлхийн Засгийн газар” 61 дэх чуулганаа хийх үеэр “НҮБ-ын шинэчлэл” гэдэг үг маш олон удаа сонсогдлоо. Бүр хаа сайгүй. НҮБ-ын гантиг ногоон индэр дээр ч, дэлхийн томчуулын аман дотор ч, цаг тутам шахуу болох хэвлэлийн бага хурлын үеэр ч, улс орнуудын төлөөлөгчид кафе дотор хооллох зуур ч НҮБ-ыг шинэчлэх тухай яриа хөөрөө өрнөж байсан. Хүйтэн дайны үе дуусч, жаран жилийн өмнө байгуулагдсан НҮБ-ын анхны зорилгын утга учир ч өөрчлөгдсөн болохоор тэр биз. Ерөөсөө шинэчлэлийн тухай анхны сэдэл арваад жилийн өмнөөс эхэлсэн. НҮБ-аас бүрмөсөн холдох сонирхолгүй ч тэгтлээ таатай хандаад байдаггүй америкчуудын хувьд шинэчлэлийн Вашингтон DC-д харандаан хөшөөнөөс өндөр байшин үгүй тухай нэлээд хатуухан дуугарсаар ирсэн юм. Одоогийн дарга Кофи Аннан ч энэ тал дээр чамгүй ажил хийж гүйцэтгэсэн гэж саяын чуулганд оролцсон зарим төр, засгийн тэргүүн онцлон хэлж байв. Чуулганы үеэр даяарчлалаас ногдох хувь хөгжиж байгаа орнуудад бага тусч байна гэдэг үгс бас олонтаа сонсогдож байсан билээ.


Хөгжингүй орнууд даяарчлалаас хожиж буй гэдэгтэй санал нийлсэн эрхмүүд НҮБ-ын шинэчлэлийн гол шалтгааны нэг нь энэ хэмээн тодотгож байлаа. Ямар ч байсан НҮБ-ын энэ удаагийн чуулганд оролцсон манай төр, засгийн төлөөлөгчид Монгол Улс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд маш идэвхтэй байр суурь баримтлах нь зөв юм байна гэдгээ мэдэж авсан байх аа. Гэхдээ энэ нь гадаадад байгаа монгол залуусын маань гутранги бодлыг өөрчилж чадах болов уу?


Бидний дараагийн зогсоол Вашингтон DC. АНУ-ын нийслэл. Хурдны замаар дөрөв, таван цаг давхиад л орчих газар юм. Шөнө орсон болохоор гудамж талбай эл хуль, хот ерөнхийдөө нойрсчээ. “Том алим”-ыг бодвол шөнийн хөдөлгөөн бараг үгүй шахам. Харин баасан гаригийн шөнө ёстой л түжигнэх юм аа. Манайхны “баасан ахын төрсөн өдөр” тэнд ч бас болдог юм шиг. Залуус нь гудамжаар гуйваад л, ерөнхийдөө нэг тийм мансуурлын байдалтай. Таван долларын “tax” төлж, амьд дуу хөгжимтэй бааранд орохоор зогсоо залуусын урт дарааллыг ээ. Сониучирхаж, зарим нэг баараар шагайж үзвэл ширээн дээр нь хугас шил архи, шар айрагны том аяга энэ тэр юм алга. Хүн бүр урдаа нэг нэг кола тавьчихсан байх юм. Тэгтлээ ууж согтуурахгүй хэрнээ яагаад гуйвсан дайвсан улс яваад байдаг юм бол гэж гайхвал тэнд амьдарч байгаа нэг монгол залуу харин “Мансуурдаг л байхгүй юу даа” гэж хэллээ. Тийм маягаар “баасан ахын төрсөн өдөр”-ийг тэмдэглэдэг бололтой. Вашингтон DC өргөн өргөн гудамж замтай, давчуу Нью-Йоркийг бодвол сэлүүхэн, уужим амьсгалж болмоор. Тэнгэрт тулж, нар хаасан өндөр байшин энд бараг байхгүй. Нью-Йорк нь өндөр хар байшингуудаараа имиж олсон байдаг бол Вашингтонд тийм биш. Дэлхийн хоёрдугаар дайнд зориулж барьсан харандаан хөшөөнөөс өндрөөрөө илүү гарах байшин босгохыг DC-д үндсэндээ хориглосон байдаг юм уу даа. “District of Columbia” хэмээх үгийн эхний үсгийн товчлолыг Вашингтон нэрийнхээ ард хадгалсаар өнөөг хүрчээ. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр мөнхөрсөн, Пьер Чарльз хэмээх франц инженерийн зураг төслөөр бүтсэн энэ хот ерөнхийдөө европ хэв маягийг жаахан баахан агуулсан мэт санагдсан. АНУ-ын нийслэлийг ихэвчлэн зүгээр л Ди Си гэж нэрлэх юм билээ. Цагаан ордон, Конгрессийн байшин, Дээд шүүхийн байр гээд АНУ-ын бүхий л засаг захиргааны бүтэц энд байрладгийг манай уншигчид мэдэх биз ээ. Америкийн бараг байшин бүрийн орой дээр улсынх нь 50 од бүхий далбааг олж харж болно. Харин манай Элчин сайдын яамны байрны орой дээр залсан Монголын маань өнгө алдсан далбаа нүдэнд нэг л жавхаагүй тусаад байсан шүү. DC-гийн монголчууд 3000-уулаа гэнэ. Тэд маань янз бүрийн л ажил хийдэг юм билээ. Хамгийн гайгүй зэрэглэлд тооцогддог ажил нь “Pizza deliver” бололтой. Миний нэг таньдаг залуу тэнд очоод дөрөвхөн cap болж байгаа хэрнээ машин бариад уначихсан, ийм ажил хийгээд явж байна лээ. Хэзээний аргаа олж, тэр. Бас нэг танил эгч маань гэр бүлээрээ амьдардаг, гурван жил болсон гэнэ. Өөрөө сэндвич бэлтгэж, нөхөр нь барилгын засал чимэглэл хийдэг юм байна. DC-гийн монголчууд өнгөрсөн зун цуглаж, наадмаа хийжээ. Бөх барилдуулж, хүүхдүүдээ уралдуулан, коланы лааз цохиж унагаагаад эрийн гурван наадам өрнүүлсэн гэнэ. Сүйхээтэй зарим нь хуушуур хийж авчраад, нэгийг нь нэг доллараар зарсан аж. Эх нутгаа санасан монголчуудын наадам хөгжилтэй ч, хөгтэй ч болж дээ. Чикагод амьдардаг нэг залуу / болоо ч үгүй, улсын цолтой бөх гэсэн шүү/ DC-гийн монголчуудын наадамд барилдаж, өнгөт телевизор авчих санаатай машинаараа давхиж иржээ. Барилдаад түрүүлэн, телевизороо ч авч. Тэгсэн том хотод машинтайгаа явж байгаад урсгал сөрж орон цагдаад баригдаад бөөн юм болсон гэнэ. Машинаа хураалгасан бөх залуу өнөөх телевизороо тэврээд автобусаар буцсан гэдэг. Хэнэггүй монгол зангийн л гай байхгүй юу. Хаа газар аргаа олоод сурсан эх орон нэгтнүүд маань хүний нутагт тэр болгон биенээ түшихийг чухалчилдаггүй юм шиг ээ.


Америкийн тухай аян замын тэмдэглэл маань ингээд өндөрлөж байна. Бид энэ ертөнцөд очсон анхны монголчууд ч биш, бас сүүлчийнх нь ч бус. Энэ тивийн анхны оршин суугчид болох плигримчүүд шашин шүтэх эрх чөлөөний төлөө Америкт ирсэн гэдэг. Бүр анхнаасаа эрх чөлөөний орон байсан Америк надад л лав эрх чөлөөнөөс илүү эмх журмыг эрхэмлэсэн улс шиг санагдлаа. Ихэнх хүмүүсийн хэлдэг “газрын диваажин”-г Америкаас би олж харсангүй. Манайхан эрх чөлөө гэж анархи байдлаар цээжээ дэлдэх биш тэнд тогтоосон шиг эмх журамд хэвшчихвэл “газрын диваажин” тийм ч хол биш юм аа. Харь орны бүүдийсэн тэнгэр, нар хаасан өндөр сүрлэг байшингуудын дор эх орноо маш их саналаа.


2006 оны 10 дугаар сарын 2-ны Ардын эрх” сонины дугаарт

нийтлэгдсэн аян замын тэмдэглэл

Надад байгаа миний бүх зүйл

“Миний аяга жижигхэн, гэхдээ би
өөрийнхөө л аяганаас ууна”

Би өглөө эрт гэрээсээ гарахдаа амгалан нойрсож байгаа нөхөр, хүү хоёроо үнсдэг. Гарахаасаа өмнө эмэгтэй хүний ёсоор толины өмнө хэсэгхэн эргэлдэхээ ч мартдаггүй. Бурхан надад бүсгүй тавиланг уяхан сэтгэл, хайр халамж, гоё сайхан байхын учир утгатай хамт оноосон шүү дээ. Гэрийн хоёр эр хүндээ цайг нь чанаж орхиод ажилдаа яаранхан алхахдаа би орой ямар хоол хийхээ бодож явдаг. Хөлсний байрны давчуухан өрөөний хана дагуух ширээгээ тойрон хооллож суухад, хүүгийн минь шантгар бяцхан хамрын үзүүрт дусал дусалхан хөлс бөнжийж байхад, “Сайхан шөл байна” гэж хань минь намайг магтахад би дуртай. Шүүгээн дэх хувцсаа эмхлээгүй гэж, тоглоомоо шалаар нэг хөглөрүүллээ гэж, шүдээ байнга угааж бай гэж, өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж бай гэж хүүгээ зэмлэх би өөрөө, миний үглэхээс илүү аавынхаа харцнаас болох, болохгүйг ойлгодог хүү маань, бид хоёрыг буй биедээ багтаан амьдрал тулсан эр нөхөр минь надад байгаа миний бүх зүйл.

Хотын захад аж төрөн суугаа ээждээ амралтын өдрөөр цайны сүүг нь барин очих гэж би яардаг. Ээжийнхээ хийсэн жигнэсэн гурилтай шөлийг эгээ л хүү шигээ хөлс бурзайлган идэж суухдаа жаргалтай байдаг. Баруун айлын өвгөн, эмгэн хоёр нохойгоо сул тавьдаг, зүүн хашааны христийн сүмд залуухан охид, хөвгүүд олон цугладаг, хаврын салхинд туугдаж ирээд байшинг нь тойрон хөглөрөх гялгар уутыг байсгээд түүдэг, энүүхэн урдах замаар машинууд их хурдтай давхидаг гээд ээжид минь ярих сонин мундахгүй. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, хорин хэдэн жил малын эмчээр ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа эдэлж суугаа миний эгэлхэн ээжид хавь орчныхоо сонин хачныг том охиндоо хүүрнэн суух нь бас жаргал байдаг бололтой. Айлын том эгч би охин дүү нартаа амьдралын нарийн ширийнийг шивнэж суух, тэд маань ч намайг сонсох дуртай. Гэрээ ханхайлгаад наснаасаа эрт яваад өгсөн аавын минь нэр төр, эгчээ гэж дуудах бүртээ хүндэтгэл дагуулах хоёр дүүгийн минь итгэл, үг болгон нь сургаал, ярьсан бүхэн нь амьдрал байдаг ээжийн минь хайр надад байгаа миний бүх зүйл.

Надаас жижигхэн боловч надаас том амьдарсан миний хөөрхөн эмээ энх мөнх наслаасай гэж би хүсдэг. Арван гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн, хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг бас өсгөсөн эмээдээ хамгийн том зээ нь болж заяасан, би. Ороод очиход гар дагуулан харах хүүхэд шиг горьдомхой эмээ минь “Ухаантай шүү, миний охин” гэж магтахад уул нөмөрлөн суугаа мэт өөрийгөө санадаг. Эмээгийн туулсан амьдрал тэр чигээрээ үнэн оршихуйн түүх юм. Насан багадаа өнчирч үлдээд баян айлд зарцлагдаж, хөхөө өвлийн хүйтэнд үхрийн нойтон баасанд нүцгэн хөлөө дулаацуулж явсан намтар, нутгийн ганц бичиг үсэгтэй залууд хөтлүүлэн баяны хотноос зугтаж гараад 13 хүүхдийн аав, ээж болсон амьдрал, өвөөгөөс хойш бидний амьдралын дэнлүү болж яваа хатуужил, яг одоо ой, гурван сартай хамгийн бага үеэл дүүг маань харж асарч суугаа дуусашгүй нигүүлсэл, дөрөв дэх үеэ үзсэн буян бүхэн нь үнэн. Хамтдаа тэрсхэн өссөн хоёр ихэр зээ дүүгээрээ би бахархдаг. Нөхөртөө гомдон уйлаад очиход илтэд өмөөрөн дүрсхийхгүй боловч богино жолоог минь хумин аргадах эр зөөлөн сэтгэлтэй хоёр дүүгийнхээ аль багаасаа өөрсдөдөө хэвшүүлсэн хэрсүү занг нь биширдэг, би. Магтаалд хөөрөн онгирч, тэнгэрийн амьтан мэт өөрийгөө санаж явахад үнэн хатуу үгийн цалмаар газарт буулгаж нүдийг минь нээдэг бурхнаас надад ирүүлсэн хос ухаан. Ингээд бодохоор миний жаахан эмээгийн нигүүлсэл, энэрэл, ихэр зээ дүүгийн минь ухаан, нөмөр түшиг надад байгаа миний бүх зүйл.

Хааяа нэг найз нөхөдтэйгээ цагаан атаархал дэлгэн хов ярих би дуртай. Гуч гарсан хүүхнүүдийн насныхаа тоогоор авсан ухаарал, өр нимгэн сэтгэлийн дуулал маань хонгорхон охидынхоос тэс өөр. Амьдралд хайртай байхын, түүнд шунан тэмүүлэхийн амтыг бид мэднэ. Өмсөх, зүүх хэв маяг, зан байдлаар өөр өөр ч гэсэн миний найзуудын цээжин дотор амьдрал нэгэн биеэр дуусах учиргүйн үнэ цэн, итгэл үнэмшил оршиж байдаг юм. Эх орныхоо эд эс гэдгээ мэдрэх ухамсар, түүний төлөө сэтгэх хүч, зүтгэх ухаан, цэвэр ёс суртахуун, иргэнлэг зан чанар бас бий. Шударга бусыг жигших, бусармагийг үл дэлгэрүүлэх зарчмын дор ярилцаж тохироогүй ч зөнгөөрөө биесээ олж түшсэн миний хэдэн найзууд намайг чимдэг. Тэгэхээр тэд маань ч бас надад байгаа миний бүх зүйл.

Бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах ерөөл жанцантай орчлонд миний амьдралын утга учир ердөө л энэ. Хүний мөс чанартай явахад надад тийм ч олон зүйл хэрэггүй. Тэдний хайраар би энэ ертөнцөд ирж, зорчиж, басхүү тэдний хайраар үдүүлэн нөгөө ертөнцийг зорихдоо харамсахгүй. Хүн явахын минь утга учир энэ юм. Эргэн тойронд намайг хайрлан байгаа тэдгээр хүмүүс надад буй миний бүх баялаг аа.

Сая төгрөгийн хүүхэд /өгүүллэг/

“-Үр хүүхэддээ та юу үлдээх вэ?
-Шударга зан, ариун нэр төр”

Бүсгүй нүдээ тас анилаа... Тэр урьд өмнө нь хэзээ ч ийм аймшигтай өвдөж байгаагүй юм. Аарцаг ясаар янгинан, бүх л бие нь тасрах шахна. Болдогсон бол энэ өвдөлтийг алгасан газар, тэнгэрийн завсраас ангижирч хаа нэгтээ алсад одоод бүх зовиур зүдгүүр дууссан хойно буцаж ирмээр санагдана. Тэр амаржих дөхжээ.

Бүсгүйг Наранхишиг гэнэм. Хөөрхөн царайндаа хүүхдийнх шиг гэнэн араншин тодруулсан хонгорхон нэгэн. Бүрэг томоотой эр нөхөр нь өдийд халуун савтай цай барин амаржих газрын үүдэнд орж гарах цагаан өмсгөлтөн бүрийг царай алдан зогсч байгааг төсөөлөх бүрт өвдөлт нь арай л намдах мэт Наранхишигт санагдана. Хажуугийн өрөөнд өглөө ирж хэвтсэн бүсгүйн ёолох дуу шаналгаа нэмнэ. Аав, ээж, ах гурав нь наашаа хурдалж яваа. Тэд бушуухан ирж, эмч нартай уулзан энэ аймшгийн өвдөлтөөс салгаасай. Түрийвч нимгэн, мөнгө байгаад ч найрааны найман үг уруул давуулж зүрхлэхгүй нөхөр нь удахгүй мэндлэх улаан маамууг л илүүтэй хүсэн хүлээж байгаа биз. Аав, ах хоёр нь ч яахав, бодь мөрийн эр улс. Харин бүсгүйн ээж бол өөр. Дүрэлзсэн гал шиг л хүн. Ёстой нөгөө оготны нүхээр орж, жоомны нүхээр гарч ирж мэдэх сүйхээтэй, овжин гэж бас тоймгүй. “Зүс барааг нь үзээгүй тэр хүүхэд ч яамай, ганц муу охиноо эсэн мэнд хоёр яс салгуулж үзье. Нөхөр нь гэж хөдөө үнэртүүлсэн донгио амьтан, өдийд маанайгаад л сууж байгаа. Яаж явахаараа тийм бүтэлгүй хүнтэй нийлчихдэг байнаа. Чи бид хоёрт ч нэг иймэрхүү л хүргэн заяана даа. За, одоо тэрийг яриад ч юухэв. Алив, Чулуун минь хөдөлье. Тэр хэдэн эмч, сувилагч нартай би л уулзаж, наана цаана гэхгүй бол охин маань зовж гүйцнэ” гэсээр аав, ээж хоёр нь гэрээс гарчээ.

Чулуун төрийн байгууллагад он удаан жил ажилласан, насаараа ширээний ард суусан нэгэн. Амьдралын хар ухаан багатай, арга залиар ч маруухан. Чухамдаа эхнэрийн цог заль, овсгоо самбаа л энэ айлыг авч яваа гэдэгт итгэсээр явдаг хүн. Тэрээр эхнэрийнхээ дэргэд арван лааны гэрэл шиг бүдэгхэн эр. Дариймаагийн шөвөг мэт хурц үг хэл, одоо цагт олон хүний хүслэн болсон, бас чиг нийгмээ дагаад түгээмэл үзэгддэг усан дотор гал асаах дайны авхаалж Чулуунд ер бусын бахархууштай санагдана. Нэг ёсондоо энэ эмэгтэй албаны хэллэгээр бол “асуудал”-ыг маш амархан шийдвэрлэж болно гэж үргэлж хэлдэг, үр хүүхдээ ч ингэж сургамжилдаг, өөрөө ч тэгж чаддаг ажээ.

-Нөгөө хэдээ авсан уу?

-Ав гэж чи хэлээгүй шүү дээ.

-Надаар хэлүүлэх юу байсийм. Ойлгомжтой биз дээ.

-Охин маань жамаараа төрөг л дээ.

-Битгий хачин юм яриад бай. Та нар өөрсдөө хүүхэд төрүүлэхгүй болохоор ингэж хэлэхэд амархан байгаа л даа.

-Эмэгтэй хүн эх болоход энэ дайны өвдөлгүй л яахав дээ...

-Чи яасан охиноо боддоггүй хүн бэ. Тэр чинь чиний охин. Үхэх, төрөх адилхан гэдэг. Эсвэл хэдэн халтар төгрөг харамлаж таталдаад байгаа юм уу. Тэгвэл боль. Би заяа нь газардахгүй, зүгээр. Чамд би охин шиг л охин төрүүлж өгсөн дөг...

-Ээж арай хэтрүүлэх юм аа.

-За, чи дут. Чи цэцэгнээс ургаагүй л байх шүү.

-Миний хөгшин өвддөг ёсоор нь өвдөөд хүү, охин хоёроо өөрөө л төрүүлсэн шүү дээ. Чи минь охиноо тэвэрчихээд тэр жижигхэн цонхны цаанаас над руу гар даллаж байсан даа. Хүү бид хоёр хөл газар хүрэхгүй баярлаад л...

-За, тэр одоо энд ямар хамаатай юм. Урьдын юм ул болчихоод байна. Алив, буцъя. Машинаа эргүүлээдэх.

Сайхан цагийн дурсамж эхнэрт нь санагдахаа больсон бололтой. Эрмэг залуу насны нь гэрэл гэгээ болж явсан сайхан бүсгүйн халуун хайр, халамж хаачаа вэ? Насны өндөрлөгөөс эргээд харахад харамсах зүйлгүй амьдарсан ч цагийн эрхээр нэг мэдэхэд эр хүний махбодь төдийхөн айл гэр тэргүүлэх болоод удсанаа Чулуун одоо л мэдэрч байгаа юм биш ээ. Нэр нь байх боловч нэдэр дээрээ Дариймаагийн үгээр, бодлоор, тушаалаар, заримдаа ч шилбүүр харцаар нь хөдөлж яваагаа мэдэж байвч бүхнийг худалдан авч болно гэж боддог эхнэрийн өмнөөс сөрөөд ч нэмэргүйгээ даанч сайн мэднэ.

Ээлжийн эмч ээж, аавтай нь уулзахыг Наранхишигээс хүсчээ. Гэхдээ амь алдахаас наахнуур болоод тэгсэн хэрэг биш гэдгийг бүсгүй ярианы өнгөнөөс илтэд анзаарав. Энэ айхтар өвдөлт өөрийнх нь хувьд урьд өмнө байгаагүй ч эх болох тавилантай эмэгтэй хүн бүрийн л туулаад гарах учир жанцан гэдгийг аав нь түүнд ойлгуулсан. Тэртээ 23 жилийн өмнө ээж нь яг л ингэж өвдөж өөрийг нь төрүүлсэн, тэгэхээр айх хэрэггүй, төрсний дараа өргөс авсан юм шиг зүв зүгээр болно гэж бүхнээс хайртай аав нь охиндоо учирласан билээ. Наранхишиг ээжээсээ илүү ааваараа бахархдаг. Аавын ам ангайх бүрт ээжийн дүрлэгэр хөөрхөн нүд тийм гэхийн аргагүй цахилан тас шилбүүрдмэгц өргөн хар хүрээтэй харааны шилнийхээ дээгүүр аав нь хүү, охин хоёр руугаа нэг хяламхийгээд таг дуугүй болдог. Ямархан өрөвдөлтэй харагддаг ч гэлээ охин аавыгаа дотроо өмөөрөн, энэ айлд нэгэнт бүдгэрсэн гэрийн хар хүнээр бахархдаг хэвээр.

Ээж нь ирэв. Эмнэлэг дээр ёстой л галтайгаа буулаа. Тэр ч эмч хаана байна, энэ ч эмчтэй уулзана барина гэж ээлжийн сувилагчийг сандаргаж гарав. Ээлжийн эмчийг даанч нэг тоосонгүй. Нөгөө эмч нь зэрэг зиндаагаа ч бодсон уу, ээжийнх нь сүрд дарагдаад өрөөгөөр нь дахин үзэгдсэнгүй. Нэгэн цагт дүүгээ төрүүлэх гэж урд хойно нь гүйсээр танилцсан нөгөө алдартай эх баригч эмчээ Дариймаа утсаар дуудан ирүүлээд Наранхишиг юу юугүй дайнаас шархтаж ирсэн баатар аятай өргүүлэн, түшүүлэн, дэмнүүлэн байж хагалгааны өрөөнд орж явчихав.

...Бүсгүй нүдээ нээлээ. Өнөөх өвдөлт, хамаг зовиур одоо ард үлджээ. Өгөө, авааны бачуу давчуухан орчлонд дөнгөж мэндэлсэн охин үр нь үрчгэр улаан нүүрээ мурилзуулаад “муухай” гэдэг нь. Энэ л амьтныг эх барьж авахын төлөө ээж нь хотын аль л нэр төртэй эмч нар руу утастаж, дугтуй барин ийш тийш баахан харайлгасан билээ. Хагалгаанаас хойш цагийн дараа ээжээс нь ирсэн зурваст “Миний охин, гэдэс чинь хагархай байгаа тул охиноо хамаагүй битгий өргөөрэй. Улаан маамуу харахыг аав, ах хоёр нь маш их хүсч байна. Сайн эмч таньдаг тулдаа амархан хоёр яс саллаа шүү. Охиноо эсэн мэнд төрүүлэх гэж ээж нь сая төгрөг зарцуулсан” гэсэн байв. Нөхрийнх нь тухай нэг үг битгий хэл үсэг ч алга, мөнөөхөн зурваст. Бүсгүй гэнэт хачин ихээр нөхрийгөө өрөвдөв. Халуун савтай цай нь хөртөл эмнэлгийн гадаа зогссон эр нөхөр нь ирэх он жилүүдийн саалтанд аав шиг нь болчих вий гэж тэр айв. Хажуугийн өрөөнөөс өнөө бүсгүй сулхан дуугаар ёолж байна. Яг одоо бол энэ авиа Наранхишигт тийм ч шаналгаатай сонсогдсонгүй. Сая төгрөгөөс саяхан хуваалцсан зөөлөн гэгчийн гартай сувилагч, бас дуулгавартай нь аргагүй асрагчаас хажуугийн өрөөний бүсгүйг асуухад хөдөөнөөс ирсэн оюутан юм гэнэ. Өөрийнх нь төлөө юугаа ч зориулахад бэлэн ээжийгээ тэр ойлгож байвч өр зүрхнийхээ гүнд амьдрах хийгээд хайрлахуйн утга учрыг огт өөрөөр мэдэрч хэвтлээ. Наранхишиг нэг их гүнзгий амьсгаа аваад, эгээ л аавыгаа өвчсөн мэт хамар, эрүүтэй бяцхан охиноо үнэрлэн үнсэв.

Бороотой өдөр блогтой боллоо

Блог хэмээх гэрэл гэгээтэй, бас эрх чөлөөтэй талбарт хөл тавьж, энэхүү хур бороотой өдөр өөрийн гэх цахим орон зайг үүсгэж байгаадаа баяртай байна.

Миний сэтгэлээс урган гарах хийгээд урсан ирэх бүхнийг би энд тэмдэглэх болно. Санал бодлоо солилцож, сайхан бүхнээ хуваалцаж, шинэ танилуудаар хүрээ тэлж, сэтгэл оюундаа гэгээ нэмэхийн ач холбогдол блог хөтлөхөд оршдог хэмээн би ойлгож явдаг.