Tuesday, December 22, 2009

“Том алим”-аас DC хүртэл

-Бүр анхнаасаа эрх чөлөөний орон байсан Америк надад л лав эрх чөлөөнөөс илүү эмх журмыг эрхэмлэсэн улс шиг санагдлаа-


Баахан удвал стресст орж мэдэхээр түм түжигнэсэн Нью-Йоркийн тэнгэрт жирийн үед ч “царцаа ногоон”-ууд эргэлдэх. Баячууд нь албан ажилдаа ирж байгаа нь тэр бололтой. Улаанбаатарт амьтны нүд бүлтийлгэдэг өнөөх сунайсан урт лимузинууд энд бол ердийн л нэг унаа мэт. Дөрвөн хөнгөн тэрэг болчих дайны урт хар машин хараад манайхны заримынх нь нүд духан дээрээ үсрэх шахсан даг. Ерөнхийдөө америкчууд овор ихтэй, том машинд дурладаг хүмүүс гэнэ. Амьдралын өртөг өндөртэй “Том алим”-д суурьшсан цөөхөн монголчуудын нэг нь Жексон ах. Уг нь түүнийг Чогсом гэнэ. Гэр бүлээрээ энд амьдарч байгаа аж. Бидний байрласан Бродвейн гудамжин дахь “Сан Жеймс” зочид буудлын менежерээр ажилладаг түүнд америкчууд Жексон гэх нэр хайрлажээ. “Олимп үзчихээд л нутаг буцна даа” гэж Чогсом ах ярьж байсан. “Монголд очоод яах ч юм билээ дээ” гэх урамгүй үг түүний амнаас гарсангүй. Ер нь гадаадад олон жил болсон хүмүүс Монголынхоо тухай таагүй бодолтой явдаг юм билээ. Бид Нью-Йоркт хэд хэдэн монгол залуустай таарч үг сольсон, тэд Монгол огтхон ч таалагддаггүй тухай хэлж байсан шүү. Очиход хэдэн авлигачид дээр гараад суучихсан, амьдрал нь улам бүр доройтсон ард түмэн идэх савныхаа хэмжээгээр сэтгэдэг, тэр бүхнийгээ дагаад нийгэм дотор оюуны болоод соёлын төвшин нь улан дор гишгэгдсэн, Монгол маань цаашдаа ямар ч ирээдүйгүй болж гэсэн гутармаар үгс хэлж байхийм. “Та нар залуу хүмүүс байна даа, очоод жаахан ч гэсэн өөрчилье гээд үзээч” гэвэл “Өөрчлөх гэж оролдсон хүмүүс нь эхнээсээ авлигачидтайгаа зууралдаад яг адилхан болчихсон гээ биз дээ. Ард түмэн хаширсан байлгүй, аягүй бол биднийг тэдэнтэй адил гээд бодчихно” гэж ам таглав.


Ерөнхийдөө тэд улс орондоо юу болж байгаа талаар мэдээлэл сайтай явдаг аж. Харьд байгаа залуус нь эх орныхоо тухай ингэж боддог байхад харийнханд манай дарга нар харин улсынхаа талаар тэс өөр ойлголтыг төрүүлдэг бололтой. Манай Монголыг чинь ардчиллыг дэлгэрүүлж байгаа, хөгжиж буй орнуудаасаа геополитикийн хувьд хамгийн боломжтой, олон улсын бодлогын төвшинд “чих зөөлөн”-тэй энээ тэрээ гэж дэлхийн томчууд тоодог юм шиг байна лээ. Тиймдээ ч манай Ерөнхий сайдыг Кофи Аннан гуай 25 улсын төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэх цайллагандаа урьж оролцуулсан юм даг уу даа. Дэлхийн 200 гаруй улс орноос 25-ыг сонгож цайлахад Монгол орно гэдэг чинь онцолж хэлэх мэдээлэл мөн биз дээ. Саятан Рокфеллерийн бэлэглэсэн өндөр байшинд “дэлхийн Засгийн газар” 61 дэх чуулганаа хийх үеэр “НҮБ-ын шинэчлэл” гэдэг үг маш олон удаа сонсогдлоо. Бүр хаа сайгүй. НҮБ-ын гантиг ногоон индэр дээр ч, дэлхийн томчуулын аман дотор ч, цаг тутам шахуу болох хэвлэлийн бага хурлын үеэр ч, улс орнуудын төлөөлөгчид кафе дотор хооллох зуур ч НҮБ-ыг шинэчлэх тухай яриа хөөрөө өрнөж байсан. Хүйтэн дайны үе дуусч, жаран жилийн өмнө байгуулагдсан НҮБ-ын анхны зорилгын утга учир ч өөрчлөгдсөн болохоор тэр биз. Ерөөсөө шинэчлэлийн тухай анхны сэдэл арваад жилийн өмнөөс эхэлсэн. НҮБ-аас бүрмөсөн холдох сонирхолгүй ч тэгтлээ таатай хандаад байдаггүй америкчуудын хувьд шинэчлэлийн Вашингтон DC-д харандаан хөшөөнөөс өндөр байшин үгүй тухай нэлээд хатуухан дуугарсаар ирсэн юм. Одоогийн дарга Кофи Аннан ч энэ тал дээр чамгүй ажил хийж гүйцэтгэсэн гэж саяын чуулганд оролцсон зарим төр, засгийн тэргүүн онцлон хэлж байв. Чуулганы үеэр даяарчлалаас ногдох хувь хөгжиж байгаа орнуудад бага тусч байна гэдэг үгс бас олонтаа сонсогдож байсан билээ.


Хөгжингүй орнууд даяарчлалаас хожиж буй гэдэгтэй санал нийлсэн эрхмүүд НҮБ-ын шинэчлэлийн гол шалтгааны нэг нь энэ хэмээн тодотгож байлаа. Ямар ч байсан НҮБ-ын энэ удаагийн чуулганд оролцсон манай төр, засгийн төлөөлөгчид Монгол Улс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд маш идэвхтэй байр суурь баримтлах нь зөв юм байна гэдгээ мэдэж авсан байх аа. Гэхдээ энэ нь гадаадад байгаа монгол залуусын маань гутранги бодлыг өөрчилж чадах болов уу?


Бидний дараагийн зогсоол Вашингтон DC. АНУ-ын нийслэл. Хурдны замаар дөрөв, таван цаг давхиад л орчих газар юм. Шөнө орсон болохоор гудамж талбай эл хуль, хот ерөнхийдөө нойрсчээ. “Том алим”-ыг бодвол шөнийн хөдөлгөөн бараг үгүй шахам. Харин баасан гаригийн шөнө ёстой л түжигнэх юм аа. Манайхны “баасан ахын төрсөн өдөр” тэнд ч бас болдог юм шиг. Залуус нь гудамжаар гуйваад л, ерөнхийдөө нэг тийм мансуурлын байдалтай. Таван долларын “tax” төлж, амьд дуу хөгжимтэй бааранд орохоор зогсоо залуусын урт дарааллыг ээ. Сониучирхаж, зарим нэг баараар шагайж үзвэл ширээн дээр нь хугас шил архи, шар айрагны том аяга энэ тэр юм алга. Хүн бүр урдаа нэг нэг кола тавьчихсан байх юм. Тэгтлээ ууж согтуурахгүй хэрнээ яагаад гуйвсан дайвсан улс яваад байдаг юм бол гэж гайхвал тэнд амьдарч байгаа нэг монгол залуу харин “Мансуурдаг л байхгүй юу даа” гэж хэллээ. Тийм маягаар “баасан ахын төрсөн өдөр”-ийг тэмдэглэдэг бололтой. Вашингтон DC өргөн өргөн гудамж замтай, давчуу Нью-Йоркийг бодвол сэлүүхэн, уужим амьсгалж болмоор. Тэнгэрт тулж, нар хаасан өндөр байшин энд бараг байхгүй. Нью-Йорк нь өндөр хар байшингуудаараа имиж олсон байдаг бол Вашингтонд тийм биш. Дэлхийн хоёрдугаар дайнд зориулж барьсан харандаан хөшөөнөөс өндрөөрөө илүү гарах байшин босгохыг DC-д үндсэндээ хориглосон байдаг юм уу даа. “District of Columbia” хэмээх үгийн эхний үсгийн товчлолыг Вашингтон нэрийнхээ ард хадгалсаар өнөөг хүрчээ. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр мөнхөрсөн, Пьер Чарльз хэмээх франц инженерийн зураг төслөөр бүтсэн энэ хот ерөнхийдөө европ хэв маягийг жаахан баахан агуулсан мэт санагдсан. АНУ-ын нийслэлийг ихэвчлэн зүгээр л Ди Си гэж нэрлэх юм билээ. Цагаан ордон, Конгрессийн байшин, Дээд шүүхийн байр гээд АНУ-ын бүхий л засаг захиргааны бүтэц энд байрладгийг манай уншигчид мэдэх биз ээ. Америкийн бараг байшин бүрийн орой дээр улсынх нь 50 од бүхий далбааг олж харж болно. Харин манай Элчин сайдын яамны байрны орой дээр залсан Монголын маань өнгө алдсан далбаа нүдэнд нэг л жавхаагүй тусаад байсан шүү. DC-гийн монголчууд 3000-уулаа гэнэ. Тэд маань янз бүрийн л ажил хийдэг юм билээ. Хамгийн гайгүй зэрэглэлд тооцогддог ажил нь “Pizza deliver” бололтой. Миний нэг таньдаг залуу тэнд очоод дөрөвхөн cap болж байгаа хэрнээ машин бариад уначихсан, ийм ажил хийгээд явж байна лээ. Хэзээний аргаа олж, тэр. Бас нэг танил эгч маань гэр бүлээрээ амьдардаг, гурван жил болсон гэнэ. Өөрөө сэндвич бэлтгэж, нөхөр нь барилгын засал чимэглэл хийдэг юм байна. DC-гийн монголчууд өнгөрсөн зун цуглаж, наадмаа хийжээ. Бөх барилдуулж, хүүхдүүдээ уралдуулан, коланы лааз цохиж унагаагаад эрийн гурван наадам өрнүүлсэн гэнэ. Сүйхээтэй зарим нь хуушуур хийж авчраад, нэгийг нь нэг доллараар зарсан аж. Эх нутгаа санасан монголчуудын наадам хөгжилтэй ч, хөгтэй ч болж дээ. Чикагод амьдардаг нэг залуу / болоо ч үгүй, улсын цолтой бөх гэсэн шүү/ DC-гийн монголчуудын наадамд барилдаж, өнгөт телевизор авчих санаатай машинаараа давхиж иржээ. Барилдаад түрүүлэн, телевизороо ч авч. Тэгсэн том хотод машинтайгаа явж байгаад урсгал сөрж орон цагдаад баригдаад бөөн юм болсон гэнэ. Машинаа хураалгасан бөх залуу өнөөх телевизороо тэврээд автобусаар буцсан гэдэг. Хэнэггүй монгол зангийн л гай байхгүй юу. Хаа газар аргаа олоод сурсан эх орон нэгтнүүд маань хүний нутагт тэр болгон биенээ түшихийг чухалчилдаггүй юм шиг ээ.


Америкийн тухай аян замын тэмдэглэл маань ингээд өндөрлөж байна. Бид энэ ертөнцөд очсон анхны монголчууд ч биш, бас сүүлчийнх нь ч бус. Энэ тивийн анхны оршин суугчид болох плигримчүүд шашин шүтэх эрх чөлөөний төлөө Америкт ирсэн гэдэг. Бүр анхнаасаа эрх чөлөөний орон байсан Америк надад л лав эрх чөлөөнөөс илүү эмх журмыг эрхэмлэсэн улс шиг санагдлаа. Ихэнх хүмүүсийн хэлдэг “газрын диваажин”-г Америкаас би олж харсангүй. Манайхан эрх чөлөө гэж анархи байдлаар цээжээ дэлдэх биш тэнд тогтоосон шиг эмх журамд хэвшчихвэл “газрын диваажин” тийм ч хол биш юм аа. Харь орны бүүдийсэн тэнгэр, нар хаасан өндөр сүрлэг байшингуудын дор эх орноо маш их саналаа.


2006 оны 10 дугаар сарын 2-ны Ардын эрх” сонины дугаарт

нийтлэгдсэн аян замын тэмдэглэл

2 comments:

Тунамал said...

sain uu

Anonymous said...

test

Post a Comment