Tuesday, December 22, 2009

Аавдаа би дээлтэй төрсөн охин нь...

“Аав аа” гэж ам дүүрэн хэлэхийг би багадаа маш их хүсдэг байж билээ. Айлын охид хамт баахан тоглосон мөртөө муудахаараа “Чамайг аавдаа хэлнэ дээ” гээд дэгдээд одоход би учиргүй их айдаг байсан сан. Тэгээд тоглоомын талбайгаас зугатаж, байрныхаа арын модон дунд орчихоод хэсэг гарч ирэхгүй зогсдог байв. Нэг бус удаа айлын аавуудад толгойгоо ардаа гартал загнуулж байсан болохоор айж зугтах нь балчир ухаанд минь авралын ганц гарц юм шиг санагддаг байж дээ. Аавд нь загнуулан доголон нулимстай зогсож байхдаа аавынхаа дэргэд ташаа тулан гэдэлзэх урт хошуутай айлын жаахан охинд юу юунаас илүү атаархдаг байлаа. Уул шиг аавынхаа нөмрийг бараадсан тэр бяцхан охины бардам байхыг яана.

Харин миний аав намайг өмөөрч, айлын хүүхдүүдтэй хэрүүл хийж хэзээ ч явахгүй. Тэр зөвхөн “Айлын хүүхдүүдтэй аятайхан тоглож чадахгүй бол хохь чинь, битгий гадаа гар” гэнэ. Нэгэн удаа хар Александр ахын Сувдаатай би сүрхий муудалцдаг юм байна. Хаймран бөмбөг нааш цааш нь өшиглөснөөс болоод бүр сүүлдээ хоёул маажилцаад авав. Түүний памбагар бор гарын хумснууд яах ийхийн зуур баруун хацрыг минь ураад өнгөрөхөд би ч мөчөөгөө өгсөнгүй. Ингээд л Сувдаа охин нүүрээ даран орь дуу тавин уйлсаар гэр рүүгээ гүйчихлээ. Уйлан гүйх зуураа мөнөөхөн “Чамайг аавдаа хэлнэ дээ” гэх үгээ эргэн эргэн хараад хэлэх юм. Би айн бэмбэгнэж байгаа атлаа “Намайг бас маажсан юм чинь” гэж бодоод урьдын адил зугтсангүй. Охиных нь хумсны ормыг харуулахад Александр ах загнахгүй байх гэж дотроо сэтгэсэн ухаантай. Тэгсэн л, орцноос Сувдаагийн аав хар эрчээрээ шунгинан гарч ирэх нь тэр. Дэгдээхийгээ харамласан бүргэд аятай сүр сархийн дэвж байх шиг. Зугтахын завдалгүй дэргэд ирснээ яг л охиныхоо маажсан хацар дээр пад хийтэл алгадаж орхидог юм. Маажуулсан, дээр нь алгадуулсан оромтой, баруун шанаа тэр чигтээ халуу оргиод л явчихлаа. Өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэхэд гэр рүүгээ гүйлээ, би. Гүйж явахдаа гадаа нарлан сууж байсан айлын ээжүүд намайг өмөөрөн Алагаа ахыг хар, цагаанаар нь дуудан хашгиралдаж байхыг сонсоод улам ч өмөлзөн огшиж байсан сан. Таван давхарт гараад хаалгаа тогшлоо. Аав гэртээ байна аа. Хэллээ. Тэгтэл аав “Хохь чинь” гэж хэлэх мөртөө өнөөх хацар дээр Алагаа ахаас ч илүү чангаар алгадаад авсаан. Өвдсөндөө болоод уйлмаар байсан ч би нулимсаа барьж чадсан, тэгэхэд. Аав харин цаашаа эргэнгээ “Айлын хүүхэдтэй аятайхан тоглож чадахгүй бол гадаа битгий гар. Гэрээ цэвэрлэ” гэж хэлэв. Нэгэнт аав хэлсэн тул би ч нусаа шор хийтэл татаад ариун цэврийн өрөөнөөс хогийн шүүр авчирч, гэрээ цэвэрлэж эхэлсэн.

Би аавдаа их зодуулдаг хүүхэд байв. Аав минь адайр ааштай, ам хэл хурц, амархан уурладаг хүн байсан. Тун ч ажилсаг, зүгээр сууна гэж огт байхгүй, ямар нэгэн юм оролдож, эвлүүлээд тавьчихна. Муухан зохион бүтээгчээс илүү. Сүүлд манайх гэр хороололд нүүж очиход аав өглөө бүр хашаагаа цэвэрлэдэг, манай хашаа сул шороогүй байдаг сан. Цементэлчихсэн юм шиг. Аав тун ч арвич хямгач хүн. Цай ууж суухдаа ширээн дээр дусаах, талхаа үйрүүлэн унагах төдийд л уурлана. Цоргоноос ус дусч байвал л уурлана. Гурил, будааны уутны ам дэлгээтэй байвал л уурлана. Өрөөний гэрэл асаалттай орхилоо, гутал хувцсаа гамтай өмссөнгүй гэж үглэнэ. Юмс өөрийн гэсэн байрандаа байхыг шаардана. Эмх цэгцийг ихэд эрхэмлэдэг хүн байлаа. Дүү бид хоёрыг өөр шигээ байлгахыг хүснэ. “Хийх юмаа олж ядсан эргүү малнууд санаагаараа хийж байгаач” гэж загнана. Манай гэрт өчүүхэн төдий ч тоос байдаггүй байсан гэвэл хүн итгэхгүй байх. Гэвч тэр бол хамгаас үнэн, аав тоос шороог ямагт жигшинэ. Хог шүүрдсэний дараа тоос арчсангүй гээд олон удаа зодуулж байлаа даа. Аав биднийг гэрээ хэр зэрэг цэвэрлэснийг шалгах өөрийн гэсэн аргатай. ”Гэрээ сайхан цэвэрлээрэй” гээд ажилдаа гараад явчихна. Хүүхэд л болсон хойно, ил харагдаж байгааг нь илж арчсан болчихоод аавыг ирэхэд нь аминдаа додигор сууж байдаг сан. Аав “За, цэвэрлэсэн үү” гэж асууна. Би ч “Тийм” гэж толгой хаялаад магтаалын үг сонсчих санаатай гэдэлзэнэ. Тэгтэл аав буйдан сандлыг зайчлахад дор нь нэг ширхэг шүдэнзний мод байж байдаг байгаа. Өнөөх сандлыг зайчилж цэвэрлээгүй юм чинь дээ, би тэр модыг яаж харах билээ. Тэгээд л аав “Ингэж цэвэрлэдэг юм уу, эргүү мал аа” гээд зодно. Дараа өдөр нь бас л “Гэрээ сайхан цэвэрлээрэй” гээд явна. Гайтай шүдэнзний модыг олж авахын тулд сандлыг байрнаас нь хөдөлгөж байгаад цэвэрлэсэн. Орой нь аав эсрэг талын сандал дороос өөр нэг шүдэнзний мод гаргаж ирсэн... Ахиж зодуулахгүйн тулд би маргаашаас нь гэрийнхээ тавилгын бүхий л булан тохойг ухаж төнхөн, мөлхөж тонголзон угааж цэвэрлэдэг болсон. Тэгээд л сурчихсан, одоо ч тэр хэвээрээ. Ингэж сурахаас ч аргагүй, нөлөөлөх нэг том шалтгаан бас байгаа. Гэр цэвэрлэхээс үүдэж манай гэрт бөөн хэрүүл болдог байв. “Энэ Тунгаа гэрээ дутуу цэвэрлэсэн байна” гэж аав уурсмагц ээж намайг өмөөрдөг юм. “Охиноо буруу хүмүүжүүллээ” гээд аавын дуу өндөр болно. Ээж өөрийгөө хамгаалж үг зөрнө... тэгээд л хэрүүл эхэлнэ. Аав, ээж хоёрыгоо надаас болж ахин битгий муудалцаасай гэж би их хүсдэг байсан юм шүү.

Аав минь ааш муутай, царай зүсээр ч барагдуухан хүн байсаан. Хүнд зусардаж тал засахыг мэдэхгүй. Зан аашаасаа болж хүнд сайнаар хэлэгдэхгүй. Махкомбинатын ажилчид “Хар Төмөр” л гэнэ. Хүмүүс ааваас айдаг, ойртож нөхөрлөх хүн ч байхгүй. “Миний аав яагаад бусдаас ийм өөр юм бэ” гэж би гайхаж, өөрөөсөө асуудаг байлаа. Бусдаас өөр санагддаг байсан болохоор ч тэр үү, аав аа гэж ам дүүрэн хэлж, дуудаж чаддаггүй байсан. “Миний аав яагаад ийм өөр юм бэ” гэж ээжээсээ би хэзээ ч асууж байсангүй. Муудалцуулахгүй гэсэндээ зодуулснаа хүртэл нууж байсан хүн хаанаас ээждээ энэ асуултыг тавьж зүрхлэх вэ. “Яагаад намайг зодож байдаг юм бэ, айлын аавууд охиноо өмөөрдөг байхад яагаад намайг өмөөрдөггүй юм бэ, яагаад надад ийм муу байдаг юм бэ, яагаад дүүг эрхлүүлдэг хэрнээ намайг загнадаг юм бэ” гэж би өөрөөсөө л асуудаг байсан. Асуултынхаа хариултыг би аравдугаар анги төгсөх жилээ олсон юм.

Өвөө маань хэвтэрт орлоо. Бие нь өдрөөс өдөрт дордож байсан хэрнээ нэг өдөр намайг дуудуулав. “Одоо чи оюутан болоод явна. Биеэ дааж амьдрах цаг чинь болсон. Олны дунд ухаантай, соёлтой, нэр хүндтэй явах хэрэгтэй шүү. Өвөө нь чамд үнэнийг хэлэх цаг болсоон” гэлээ. Залгуулаад “Энэ хүн чиний төрсөн эцэг биш” гэж хэлсэн. “Төрсөн эцэг биш”. Энэ үгийг сонсоод би маш их цочсон. “Даанч тийм байх аа, даанч тийм байх, тэгээд л тийм байсан байх нь, даанч тийм байх, тэгээд намайг зоддог байсан байх нь” гэж өөрөө өөртөө үглэж байсан. Төрсөн эцэг чинь тийм хүн байдаг, одоо тэнд амьдарч байгаа гэж өвөөгийнхөө тамираа шавхан цааш арайхийн ярихыг ч анхааран сонсохын сөхөөгүй хойд аавынхаа хараалын үг, далайсан гарыг эргэн санан суусан сан. Хараалын үг нь зурагдсан пянз шиг чихэнд байн байн сонсогдож, далайсан гар нь давтсан дүрс шиг нүдэнд харагдаад болдоггүй. Тэгээд л би хойд аавыг үзэн ядлаа. Их сургуулийн оюутан болоод, төгсөөд ажилд орсон хойноо ч захиа бичсэнгүй, утсаар ч мэндийг нь асуусангүй. Амралтаараа гэртээ ч харьсангүй. Хойд ааваас захиа ирэхэд уншилгүй шууд ураад шидчихдэг байсан. Намайг зорин гоёхон хувцаслаад ирэхэд нь ч хаалгаа тайлж өгөлгүй буцаадаг байв. Бүтэн 13 жил хойд аавыг эргэн ер дурссангүй. Надад аав гэдэг хүн огт байгаагүй юм шиг.

Харин жил гаруйхны өмнө хойд аав эмнэлэгт хэвтсэн, бие нь тун муу байна, намайг ирж уулзаач гэсэн хэл хүнээр хүргүүлжээ. Очихгүй гэж бодож байсан хэрнээ би очсоон. Хойд аав сэхээний орон дээр хэвтэж байлаа. Намайг хараад ихэд баярлаж, гарыг минь атган, хошуугаа цорвойлгов. Духаа өгч үнэрлүүлэхдээ яагаад ингэж уяран зөөлөрч байгаагаа би өөрөө ч мэдсэнгүй. Арваад жилийн туршид “Намайг хэзээ ч хайрлаж байгаагүй хүн, хойд эцэг шүү дээ” хэмээн өөрөө өөртөө өгсөн хатуу тушаалаа шууд л мартаж орхих нь тэр. “Аав нь охиноо дандаа санадаг. Миний охин том сонинд ажилладаг мундаг хүн болсон. Аавынхаа нэрийг гаргаж яваа сайн охин. Аавд нь үүнээс өөр зүйл хэрэггүй ээ. Чи миний төрсөн охин биш ч гэсэн...” гээд аавын хоолой сааралтав. Аньсага нь чийгтэж, шанаагаа даган нулимс бөмбөрлөө. Тэгснээ дэрэн дороос нэгэн хавтастай зүйл гаргаад надад өгөв. Нээж үзвэл, миний сонинд бичиж нийтлүүлж байсан бүхнийг хайчилбар болгоод үдчихсэн байж. Миний багын зургууд. Сурагч байхдаа энд тэндээс авч байсан шагналын бичгүүд бас байлаа. Тэр бүхнийг 13 жилийн турш аав хадгалж, намайг санах үедээ эргүүлэн сөхөж, үзэж, хааяахан хүнээс нуугдан уйлж байж... Би аавдаа сэтгэл сэргээх сайхан үг юу ч хэлж чадсангүй. Тийм том сэтгэлийн өмнө өчүүхэн ядмаг санаагаар өөрийгөө өмгөөлөн хэлэх үг надад байна гэж үү? Би тэр хүнд ямар хатуу сэтгэл гаргаа вэ? Эмнэлгээс гараад явж байхдаа би асгартал уйллаа. Өөрийгөө зүхэн, аавыгаа өрөвдөн асгаруулж явав. Удалгүй аав минь хорвоогоос буцсан. Хөдөөнөөс над руу утастаж “Аав чинь өнөө өглөө нас барлаа” гэж хэлэв. Эцсийн амьсгалаа татахын өмнө миний нэрийг хэлсэн юм билээ.

Байхад нь байгаагүй юм шиг санаж явсан би байхгүй болчихсон хойно нь байгаасай гэж хэчнээн их хүсдэг гэж санана. Аавгүй гэж бодож, өөрийгөө өрөвдөж явсан минь ямар том мунхаглал байгаа вэ? Зааж өгсөн бүхэн нь надад одоо ямар их хэрэг болж байгаа гээч. Миний “муухай” аав хэнтэй ч эв зүйгээ ололцохын чухлыг, ямар ч ажлыг дуустал хийж сурахын чухлыг, эмх цэгцтэй үнэнч шударга амьдрахын чухлыг сургаж байжээ. Амьдралынхаа эцсийн мөчид хүнийг уучлан өршөөхийн чухлыг надад сургасан байх юм. Одоо би “аав аа” гэж ам бардам хэлж чадна. Би “Хар Төмөр”-ийн охин. Биеийг минь төрүүлээгүй ч ухааныг минь төрүүлсэн аавдаа би дээлтэй төрсөн охин нь!
2009.12.06. Ням гариг

10 comments:

Idea said...

Гоё бичлэг болжээ. Аавдаа гомдсон жаахан охины сэтгэлийн ухаарал, ууч сэтгэл, эцэг хүний нөмөр нөөлөг нэвт шингэсэн сайхан бичлэг болж. Үргэлжлүүлээд бичээд байгаарай, Тунамал аа. Ийм их авьяасыг зэврүүлж болохгүй шүү.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...
This comment has been removed by the author.
Чепак said...

Сайхан бичжээ.
Хүн ер нь төрсөн, тэлсэн гэлтгүй хайртай дотно хүнээ хажууд байхад нь мэддэгүй, гомдоож явдаг юм шиг.

uka said...

Ашгүй нөгөө гоё бичдэг эгчийн блог амилаад босоод ирж. Одоо блогоо "үхүүлчилгүй" аваад явах юм байгаа биз дээ. Дуртай шүү танайхаар зочлох. Амжилт хүсье.

Sponge said...

Гайхалтай бичжээ. Үнэхээр сэтгэл өмөртөл дэндүүүүү сайхан бичжээ.....

Anjo said...

Gaihaltai boljee... Tungaa chamd amjilt husii... Chinii Blog dahin sergej unshihad setgel hudulgusun saihan bichleguud nemegdej baigaad bayartai baina..

Өргөн чөлөө said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Акутагава нь ярьснаараа зочлоод ороод ирлээ. Энэ бодролыг уншаад сонин болчлоо. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна

claassic said...

их таалагдлаа хүн гэхдээ ер нь өөрийгөө өрөвдөөд ирэхээрээ л бусдыг харалгүй зөвхөн өөрийгөө хөөрхийлөн ухаарах сэтгэл нь багасдаг юм шиг...

Post a Comment